Нийгэм | Боловсрол | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Мэдээ
А вируст гепатит өвчний тухай
2011 оны 7 сарын 29
2011 оны эхний 2 сарын байдлаар халдварт өвчин нийт 2460 тохиолдол бүртгэгдсэн нь 10.000 хүн амд харьцуулахад 21,69 байгаа нь өмнөх оны мөн үеэс 2,3 промиллоор нэмэгдсэн байна. Нийт халдварт өвчний 34,2 хувийг гэдэсний халдварт өвчнүүд, 36,2 хувийг бэлгийн замын халдварт өвчнүүд, 28,3 хувийг амьсгалын замын халдварт өвчнүүд, зоонозын халдвар 1,46 хувийг тус тус эзэлж байна.

Гэдэсний халдварт өвчнүүдээс вируст гепатит 74,8 хувийг, цусан суулга  20,6 хувийг эзэлж байна.
Амьсгалын замын халдварт өвчнүүдээс гахайн хавдар 3,29 хувийг, салхин цэцэг 44,1 хувийг эзэлж байна.
2011 оны эхний 2 сарын байдлаар вируст гепатит А өвчлөлийн 183 тохиолдол  бүртгэгдээд байна. 182 тохиолдол сургуулиас 99,5%, 1 тохиолдол цэцэрлэгээс 0,5% өвчилсөн байна.
Энэ бүгдээс үзвэл хепатит А- ын өвчлөлд   гэрт болон хүүхдийн байгууллагад хүмүүжиж байгаа 10 хүртлэх насны хүүхэд илүү өртөж байна
А  Вируст гепатит  өвчний тухай
А Вируст гепатит өвчин нь аюулхай орчим хөндүүрлэж өвдөх, хоолонд дургүй болох, огиудас хүрэх, бөөлжих, арьс салст шарлах, бие нозоорох, шээс өтгөрөх  зэрэг шинж тэмдгээр  илэрдэг цочмог халдвар юм.  Элгэнд архаг үлдэцгүй, хүндрэл багатай, бүрэн эдгэрдэг өвчин юм.

Халдвар яаж дамжих вэ?

Халдвар өвчтэй хүнээс эрүүл хүнд дамжина. Өвчин үүсгэгч вирус нь хоол, хүнстэй хамт амаар орж, өтгөнөөр ялгардаг. Халдвар нь А вирусээр бохирлогдсон ус, хүнс, ахуйн эд хэрэглэлээр ихэвчлэн халдана.

Хэн өвчилдөг вэ?

Бүх насны хүн өвчлөх боловч 0-9 насны хүүхэд илүүтэй өртөнө. Нийтийн байранд суугчид, сургууль, цэцэрлэг болон хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм сахидаггүй хүн амын дунд элбэг тохиолдоно.


Вируст гепатит А өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?


Хүүхдийн байгууллагад баримтлах  эрүүл ахуйн  зөвлөмж


•    Өглөө  бүр хүүхдийг цэцэрлэгт хүлээн авахдаа бодит үзлэг хийж, халууныг хэмжин, хүүхдүүдэд гар угаах, амаа зайлахыг зааж сургана. Хэрэв хүүхэд халууралттай, ямар нэгэн зовиуртай  байвал өрхийн эмчид хандахыг зөвлөн,  гэрт нь буцаана.
•    Өрөө тасалгааг чийгшүүлэх, агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж, ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм чанд сахина.
•    Хүүхдийг хоол унд идэж уухын өмнө болон бие зассаны дараа гарыг заавал савандаж угаалгана.
•    Хүүхдийн байгууллагын аяга, таваг, халбагыг өдөр бүр 30 минут буцалгаж ариутган, 7 хоногт 1 удаа их цэвэрлэгээ хийж ариутгал, халдваргүйтгэл хийнэ.
•    Хүүхдийн тоглоомыг өдөр бүр савантай бүлээн усаар угааж дараа нь цэвэр усаар 2 удаа зайлах, зөөлөн тоглоомыг 7 хоногт 1 удаа угаалгын нунтагтай усаар угааж хатаана.
•    Хаалга, хана, бариул, ширээ, сандал, шал, угаалтуур, суултуур зэрэг хатуу эдлэлийг саван, угаалгын нунтагтай халуун бүлээн усаар угаасны дараа 1%-ийн хлораминтай уусмалаар халдваргүйтгэнэ.
•    Витаминаар баялаг аньс, нэрс, чацаргана, нохойн хошуу, нимбэгийг өргөн хэрэглэнэ.
•    Ундны усны эрүүл ахуйн хяналтыг сайжруулж, түүхий ус уухгүй, баталгаатай ус хэрэглэнэ.
Хэрвээ  А Вируст гепатит өвчин хүүхдийн байгууллагад гарвал дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Зөвлөж байна.  Үүнд:

1.    А Вируст гепатитийн өвчлөл гарсан ангид өвчтөнг тусгаарласан өдрөөс хойш 50 хоногийн хугацаанд хүүхэд шинээр авах, анги бүлгүүдийн хооронд ажилчид, хүүхэд шилжүүлэхгүй байна.
2.    Өвчилсөн хүүхдийг тусгаарламагц ангийн цагаан хэрэглэл, гарын алчуурыг тусгай уут саванд хадгалж угаалганд зориулалтын ваннд 3%-ийн хлорамины уусмалд 1 цаг халдваргүйжүүлсний дараа угааж индүүднэ.
3.    Хөтөвчинд   3%-ийн хлорамины уусмал хийж 1 цаг халдваргүйжүүлнэ.
4.    Усны  лааз, сав, хэрэглэлийг угаагч зориулалтын бодисоор  угааж 1%-ийн хлорамины уусмалаар халдваргүйтгэж цэвэр усаар 3-5 удаа зайлна.
5.    Голомтонд хавьтал болсон хүүхдүүдийг нууц үеийн хугацаанд /30 хоног/ эмчийн хяналтад авч хүүхдүүдийн биеийн байдал, нойрсолт, идэвх сонирхол, хооллолт ямар байгаа, нүд, амны хөндийн салст бүрхэвч, арьс өтгөн, шээсний өнгийг ажиглаж өөрчлөлт гарвал эмчид үзүүлж зөвлөгөө авна.
6.    Орны гудас, дэвсгэр, хивс, дэр, хөнжлийг нар салхинд 2-3 цаг  байлгана.
7.    Багш, асрагч, үйлчлэгч нар нь үйлчилгээ хийсэн тохиолдол бүрд гараа савандан угааж 0,5%-ийн  хлорамины уусмалаар халдваргүйтгэнэ.
8.    Вируст гепатит өвчнөөс  сэргийлэх талаар эцэг эхчүүд, багш ажилчдад сурталчилгаа тогтмол  хийнэ.
9.    Дээр дурьдсан хүүхдийн байгууллагад баримтлах эрүүл ахуйн зөвлөмжийг сайтар   мөрдөнө.



Иргэдэд зориулсан зөвлөмж


Вируст гепатитаар өвчлөхгүйн тулд эрүүл ахуйн энгийн дэглэмийг сайтар сахих нь зүйтэй. Үүнд:

1.    Гарыг хоол идэхийн өмнө болон бие зассаны дараа сайтар савандаж угааж хэвших.
2.    Угаагаагүй ногоо, жимс идэхгүй, түүхий ус уухгүй байх.
3.    Хоол, хүнс бэлтгэхийн  өмнө заавал гараа угаах.
4.    Хүнсний түүхий болон болсон бүтээгдэхүүнийг тус тусад нь хадгалах, бэлтгэх тавиур нь тусдаа байх.
5.    Гудамж талбайгаас ил задгай хүнсний бүтээгдэхүүнийг авч хэрэглэхгүй байх.
6.    Бие засах газар, муу усны цооногт халдваргүйтгэлийн бодис хэрэглэх.
7.    Гэр орондоо цэвэрлэгээ хийж, хаалганы болон шатны бариулыг цэвэрлэх.
8.    Нойтон сальфетка хэрэглэх.

Гараа зөв, байнга угааж хэвших нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга юм.
Гараа угаах дэс дараалал:
•    Гарын алга, бугуйг усаар сайтар норгоно.
•    Савангаар жигд савандана.
•    Хоёр алгаараа саванг сайтар савандаж, хөөсрүүлнэ.
•    Хуруунуудын завсрыг сайтар үрж угаана.
•    Гарын ар, хуруунуудын үзүүр, хумсыг нөгөө гарын алгаар сайтар   үрж угаана.
•    Гарын эрхий хуруу, бугуйг нөгөө гараар угаана.
Халдварт өвчнөөр өвчлөхгүй  байхын тулд  хувь хүн, айл өрх бүр баримталж хэвшвэл зохих хэд хэдэн эрүүл ахуйн зөв дадал хэвшлийг баримталвал иргэн та бүхэн халдварт өвчнөөр өвчлөхгүй байх бүрэн боломжтой. Үүнд:
•     Ил задгай бие засахгүй байх
•     Хог хаядалаа хогийн цэг, зориулалтын саванд хаяж хэвших
•     Гэр хороололын айл өрх  бүр хашаандаа эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах газар, бохир усны нүхтэй байх
•      Амьдарч байгаа орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, орчныхоо хөрсийг бохирдуулахгүй байх
Дээрхи эрүүл ахуйн зөв дадал хэвшлийг хэрэжүүлснээр та бүхэн  халдварт өвчнөөр өвчлөхгүй байх болно.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
Мэдэхэд илүүдэхгүй
Мэдэхэд илүүдэхгүй
Сонин хачин

Сэтгэгдлийг ачааллаж байна ...