Нийгэм | Боловсрол | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Мэдээ
Бөөр нь дотоод эрхтний язгуур, амьдралын үндэс
2011 оны 7 сарын 25
•    Хүний амьдралын утга учир юунд оршдог вэ?       

Их олон зүйлийг хэлж болох ч ямар ч хүн залуу сайхнаараа урт наслах, их зүйлийг үзэж харахыг, болдогсон бол мөнх амьдрахыг л хүсдэг. Аз жаргалтай сайхан амьдралын үндэс нь хүн эрүүл байх  юм.

•    Сүүлийн үед бөөрний дутагдал өвчтөй хүний тухай хэвлэл мэдээллээр гарах боллоо, тархи толгой, элэг цөс, цусны өвчнөөр өвдсөн хүмүүс хагалгаанд ороод амжилттай болсон ч  бөөр нь ачааллаа дийлэлгүй нас барах нь элбэг тохиолдог гэх юм. Энэ бүхнээс харахад  бөөр гэдэг эрхтэн хүнд ямар ач холбогдолтой болохыг тайлбарлаж өгнө үү.

Бөөр нь хэвлийн хөндийн ар хананд нурууны хоёр талд цээжний 11-12 нугалам, бүслэхүйн  L1-L3 түвшинд байрлаж гадуураа хальс, өөхөн уутаар хамгаалагдсан чухал эрхтэн. Бие организмд үүссэн бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн давсууд, үлдэгдэл хорт бодисууд бөөрөөр гадагшилдаг. Иймд цусан дахь хорт бодисыг шүүн биеэс зайлуулан бусад эд эрхтэнүүдийг хордохоос авардаг гол эрхтэн нь бөөр юм.
Мөн чухал хэрэгцээтэй ус, сахар, амин  хүчил, эрдэс давсуудын хэмжээг тэнцвэржүүлж байдаг. Бөөр эритропоэтин хэмээх ясны чөмгөнд цусны улаан эс нөхөн төлжихөд оролцдог дааврыг ялгаруулж, цус төлжилтөнд оролцдог. Хүний биед улаан эсийн тоо цөөрөхөд дааврын хэмжээг нэмэгдүүлж зохицуулдаг.  Бөөрний хэмжээ хүний нас, хүйсээс шалтгаалдаг ч дунджаар урт нь 12 см, өргөн 7 см, зузаан 2.5 см вандуй хэлбэртэй, 250-300 гр жинтэй байдаг.
Бөөрний үйл ажиллагааны үндсэн нэгжийг хялгасан судасны түүдгэн багц буюу нефрон гэдэг, нэг бөөрөнд нэг сая , хүнд нийт хоёр сая нефрон байна. Бөөрөнд ирэх цус нь түүдгэн багцаар дамжин өнгөрдөг. Нэг минутанд 1.2 л, өдөрт 1800 л цус үүгээр өнгөрөхдөө хорт бүтээгдэхүүнээ усны хамт тэнд  үлдээнэ. Бөөрний үйл ажиллагааны дараагийн чухал хэсэг нь сувганцар ба эдгээрийн төгсгөл хэсгүүд нь хоорондоо нийлэн өргөсөж, шээс цуглуулах хоолой болж,  бөөрний тэвшинцэр хэмээх хөндийд цутгана. Эндээс шээс дамжуулах шээлэйгээр дамжиж давсагт  орно. Давсган  дахь шээсний хэмжээ ихсэн, тодорхой түвшинд хүрэхэд, ханандаа даралт учруулан рефлексийн замаар агшилт өгч шээс хүрдэг. Бөөр асар их цусан хангамжтай тархи, элэг, зүрх зэрэг эрхтнүүдээс цусан хангамжаараа 6-8 дахин их байдаг. Цусан хангамжийн энэ давуу байдал нь бөөрний хэвийн үйл ажиллагааг хангаж өгнө. Бөөр өөрийн үйл ажиллагаагаар биеийн дотоод шингэний тогтолцоог зохицуулж, ус-давсны хэвийн байдал , хүчил-суурийн байдал, азотын солилцоо, артерийн цусны даралтын түвшин, цусны улаан эсийн төлжилт, цусны бүлэгнэлийн процесс, бодисын солилцоо зэргийг зохицуулна. Бөөрний бүтэц үйл ажиллагааны  нэгж нефроны 50 хувь нь ажилгүй болоод байхад өвчтөнд шинж тэмдэг мэдэгдэхгүй байдаг нь өвчнөө хүндэртэл нь анзаарахгүй явах нэг эрсдлийг бий болгодог. Харин нийт нефроны 30 хувь нь үлдэж, бөөрний шүүлтийн түвшин 30-40 хувь болох үед л цусанд азотын хортой бодисын хэмжээ өсөж , өвчтөнд төрөл бүрийн зовиур, эмнэл зүйн шинжүүд мэдэгдэж эхэлнэ.                                                    
Судлаачдын үзэж байгаагаар жилдээ 1 сая хүнээс 100-120 хүн бөөрний архаг дутагдалд ордог байна. Бөөр нь маш эмзэг эрхтэн учраас бөөрөө хайрлаж явах нь хамгаас чухал. Эртний эмч оточ нар бөөрийг “ Дотор эрхтэний язгуур, бүх сүвийн эх, амьдралын үндэс “  гэж үздэг байжээ.
    Ихэнх бөөр- шээсний замын эмгэгийн уг сурвалж нь хамар, хоолой, шүдний өвчинтэй холбоотой гэдэг. Бөөр өвдөхөөр даралт ихэсдэг гэж сонссон. Бөөрний өвчнийг үүсгэгч гол шалтгаан нь юу вэ?                                                                                             
Бөөрний өвчин олон шалтгаан, хэлбэртэй байдаг. Жишээ нь:  хүмүүсийн дунд түгээмэл тохиолддог, тоомсорлохгүй явсаар хүндрүүлчихсэн байдаг, бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл  буюу пиелонефрит,  архаг түүдэгтэс, бөөртөс буюу гломерулонефрит,  мөн манайд цөөнгүй хувиар тохиолддог бөөрний гажиг хөгжил, чихрийн шижингийн бөөрний эмгэг буюу  бөөрний судасны хатуурал гэх мэт байдаг.
Халдварт өвчин, удаан хугацаагаар хэрэглэж буй зарим эмийн бодисууд нь бөөрийг эргэшгүй бүтцийн өөрчлөлтөнд  оруулдаг. Мөн байнга даарах, хүйтэн чийгтэй газар ажиллах, хоолой, шүд, хамрын идээт үрэвсэл  зэрэг нянтай өвчинд нэрвэгдсэн, шээс- бэлгийн замын өвчнүүдийг дутуу эмчилснээс архагшиж бөөрийг их гэмтээдэг бол бөөр шохойжих, чулуу үүсэх нь бодисын солилцооны алдагдлын шалтгаантай байдаг.
Бөөр өвчилснөөс үүдэн  цусанд судас нарийсгах бодис ялгардаг болохоор үүнээс болж даралт ихэсдэг. Бөөрний даралт энгийн даралтыг бодвол өндөр байдгаас тархинд цус харвах, зүрхний шигдээс болох эрсдэл илүү байдаг. Бөөрний даралт ихсэхэд нэг зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг учраас эмчилгээ нь ч хялбар биш.  Юуны өмнө өвчтэй бөөрнөөс ялгарч байгаа бодист нөлөөлөх хэрэгтэй байдаг. Бөөр нь тархийг тэжээх, ясыг бэхжүүлэх,  биеийн илч дулааныг сэлбэх, хоол хүнсийг шингээх үйл ажиллагаатай шууд холбоотой эрхтэн юм.

•    Бөөрний өвчний гол шинж тэмдгүүд нь яаж илрэх вэ?

Бөөрний архаг үрэвслийн үед  нуруу бөөрөөр унжирч өвдөх, бүсэлхий, ууцаар хүйт оргих, чих дүнгэнэх, шуугих, тамирдах, толгой эргэж, даралт өндөрсөх, хавагнах,  шээс үнэртэй гарах, өглөө босоход зовхи бүлцийх, бүр цаашилбал яс сийрэгжих, шүд унах зэргээр илэрдэг. Мөн бөөрний эмгэгийн үед шээсний гарц өөрчлөгдөж ихсэх, эсвэл багасах, үнэртэй шээх , хаванших шинж түгээмэл байдаг учраас зарим нэг бөөрний архаг үрэвсэлтэй хүний таргалалтын тодорхой хувь нь далд хаван буюу завсрын эдийн хаван байна.

Давстай шээх эмгэг гэж юу вэ?

•    Сүүлийн үед бөөрний дутагдал өвчтөй хүний тухай хэвлэл мэдээллээр гарах боллоо. Ер нь бөөрний дутагдал юунаас үүсдэг болохыг  тайлбарлаж өгнө үү.

Бөөрний үйл ажиллагааны үндсэн нэгжийг нефрон гэдэг, нэг бөөрөнд нэг сая , хүнд нийт хоёр сая нефрон байна. Бөөрний бүтэц үйл ажиллагааны  нэгж нефроны 50 хувь нь ажилгүй болоод байхад өвчтөнд шинж тэмдэг мэдэгдэхгүй байдаг нь өвчнөө хүндэртэл нь анзаарахгүй явах нэг эрсдлийг бий болгодог. Бөөрний архаг эмгэгтэй, бөөрний үйл ажиллагаа дутмагшиж байна уу гэж сэжиглэсэн тохиолдолд бөөрний эмч өвчтөнд нарийвчилсан шинжилгээ хийлгэхийг зөвлөнө. Үүгээр бөөрний шээс ялгаруулах үйл ажиллагаа удааширсан, буурсан, бөөрний цусан хангамж багассан шинжүүд өвчний хэлбэр, үе шатаас хамаарч тодорхой хувиар илэрдэг. Бөөр нь хүний биед амин чухал шаардлагатай олон үүргийг гүйцэтгэдэг бөгөөд маш эмзэг хялгасан судсаар баялаг, үүссэн өөрчлөлт нь эргэшгүй байдаг эрхтэн учраас бөөрөө хайрлаж явах нь хамгаас чухал. Энгийнээр тайлбарлавал бөөрний дутагдал өвчин гэдэг нь бөөрний үйл ажиллагааны үндсэн хэсгүүдэд эргэшгүй өөрчлөлт орж , шээс шүүрүүлэх, ялгаруулах үйл ажиллагааг явуулдаг нэгжүүдийн тоо хэмжээ 50%-иас доош буурахыг хэлнэ. Үүсгэх шалтгаан нь олон байдаг. Мэдээж бөөрний төрөлхийн эмгэгүүд, гүйцэд эмчлээгүй, эмчийн хяналтанд үзүүлэхгүй удсан архаг эмгэгүүд, шээсээр давс, хортой бодисууд байнга ялгарснаас сувганцар болон завсрын эд бөглөрөх, шохойжих эмгэгүүд юм.

•    Бөөрний дутагдал өвчний гол шинж тэмдгүүд нь яаж илрэх вэ?

Бөөрний архаг дутагдлыг лабораторийн болон багажийн шинжилгээгээр оношлоно. Эмнэл зүйд гарах шинжүүд нь шээс ховордох, багасах, их бага хэмжээгээр хавагнах, амархан ядрах, ам цангах, арьс хуурайших, загатнах, арьсны өнгөлөг байдал алдагдах, хамар амнаас цус гарах, даралт ихдэх, оюун ухаан доройтох, дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, хоолны дуршилгүй болох, турж эцэх, хараа сонсгол муудах, толгой өвдөх, амьсгалаар шээс үнэртэх,  зүрх өвдөх зэргээр илэрдэг.

•    Шээсээр давс гарах эмгэгийн тухай тодруулж ярьж өгнө үү?

Хүнсний бүтээгдэхүүнд  агуулагддаг микро элементүүд болон бодисын солилцооны үр дүнд үүссэн давс болон тэдгээрийн нэгдүүд шээсээр гадагшилдаг. Энэ бол эмгэг үйл явц биш. Бие махбодын өөрийгөө цэвэрлэх, илүүдэл бодисыг гадагшлуулах тогтолцооны нэг хэсэг юм. Харин зарим нэг элементийн задрал гүйцэд явагдахгүй байх, усанд уусдаг хэлбэрт шилжихэд нь нөлөөлдөг бодисын дутуу нийлэгжилт зэргээс давстай шээх өөрчлөлт эхэлдэг. Энэ бол их түгээмэл тохиолддог бөгөөд давс ихээр шээсээр байнга ялгарснаас бөөр шээсний замд тунах, шохойжилт үүсгэх, чулуужих эмгэг бий болно. Судалгаагаар 3 хүний 1 нь ийм эрсдэлтэй байдаг гэсэн. Иймд аль болох эрт шээсний шинжилгээг тогтмол өгч хэвших, ингэснээр ийм өөрчлөлт байгаа бол эрт мэдэж эмгэг байдал үүсэхээс сэргийлэх юм. Гэхдээ яг шээсний давсыг тодорхойлж, ямар давс байгааг гаргадаг шээсний биохимийн шинжилгээний аппараатаар шинжлүүлэх хэрэгтэй. Мөн ийм эмгэгийн сэжигтэй хүн бөөрөө өндөр хүчин чадалтай бөөр, давсганд байгаа жижиг хэмжээний шохойжилтыг томруулж хардаг аппаратаар харуулах нь зүйтэй. Жишээ нь: Доорх зурганд шээсэнд харагдах кальцийн давс, магнийн давс, шээсний хүчлийн давсны талстууд байна.    

•    Бөөрний өвчнийг эмчлүүлэхийн тулд юуг анхаарах вэ?

Юуны өмнө оношоо тодруулах буюу эмгэгийн хэлбэр,  үе шатыг тогтоох, судасны өнгөт ЭХО-д бөөрөө харуулж бөөрний цусан хангамжийн байдлыг үнэлэх хэрэгтэй. Үүний дараа эмгэгийн хэлбэр, үе шатанд тохирсон эмчилгээг стандартын дагуу эмч зөвлөнө. Бөөрний  эмгэгийг үүсгэсэн үндсэн шалтгааны эсрэг эмчилгээг төгс хийлгэх, үүний зэрэгцээ өвчтөнд илэрсэн эмнэл зүйн эмгэг шинж тэмдгийн эмчилгээг хийнэ. Үүнд хаван, өвдөлт, шээсний гарц өөрчлөгдөх, халууралт, даралт ихдэх зэргийн эсрэг эмчилгээг мэргэжлийн эмчийн зөвлөгөөнөөр хийнэ. Таргалаад байгаа, эсвэл хөлийн шилбээр, нүдний зовхиор үе үе хавагнаад байгаа тохиолдолд жин хасах гэж тураах эм бэлдмэл хэрэглэх, хөдөлгөөний идэвхээ дээшлүүлэх нь үр дүнгүй бөгөөд эсрэгээр эдгээрийн гаж нөлөөнд өөр эрхтэний эмгэг үүсэх, сэдрэх аюултай. Харин бөөрний гаралтай хаваншил тодорхойлогдсон тохиолдолд эмчилгээний журмаар жин хасах, хордлого тайлах,  бөөрний ачааллыг хөнгөвчилж илүүдэл шингэнийг гадагшлуулах аргууд үр дүнтэй байдаг.  Ажиглаад байхад манай хүмүүс хавангийн эм их хэрэглэж байна. Хавангийн эм буюу шээс хөөх эм байнга уух, хяналтгүй хэрэглэх нь амь насанд аюултай юм. Ямар давс шээсээр гарч байгааг тодорхойлж, зөв тодруулсан оношийн үндсэн дээр эмчилгээ хийнэ. Бөөрний эмгэгийн эмчилгээг үр дүнтэй байлгая гэвэл аль болох өөрчлөлтийг бага дээр нь үзүүлж эмчлүүлэх хэрэгтэй. Архаг, хүнд явцтай, үе шат гүнзгийрсэн, хавсарсан эмгэг шинж тэмдгүүд гарч ирсний дараа эмчилгээний үр дүнг тооцоход хүндрэлтэй байдаг. Ялангуяа хүүхэд, өсвөр насныхан, залуу байхдаа эмчид үзүүлж, бөөрний эмгэгээр өвдөх эрсдэл байгаа эсэхээ тодорхойлж байх нь ирээдүйд хүндэрсэн өвчнийг эмчлүүлэх гэж цаг заваа үрэх, эдийн засгийн бэрхшээлд орох, хөдөлмөрийн чадвараа алдахаас хамгаалах чухал ач холбогдолтой.  

•    Бөөрний дутагдлаас хэрхэн яаж сэргийлэх вэ?

Юуны өмнө хүн бүр тэр тусмаа хүүхдийг аль болох эрт ЭХО-гоор бөөрийг мэргэжлийн эмчээр харуулж, бөөрний гаж хөгжил, аливаа нэг эмгэгийн суурь үндсийг эрт  илрүүлэх, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ өгч өөрчлөлтийг тодруулах, халдварын гаралтай эмгэгүүдээ мэргэжлийн эмчид үзүүлж, төгс эмчлүүлж байх шаардлагатай. Өөрийгөө эрүүл гэж боддог хүн жилд нэг удаа заавал эмчид үзүүлж, цус, шээсний шинжилгээ, ЭХО-д дотор эрхтэн харуулж хэвших хэрэгтэй. Ер нь манай орон шиг хүйтэн уур амьсгалтай, махан хоол түлхүү хэрэглэдэг, шингэн юм бага уудаг хоол хүнсний онцлогтой, бөөр-шээсний замын өвчин үүсэх эрсдэлтэй нөхцөлд хүн бүр жилд нэг удаа заавал шээсний шинжилгээ өгөх хэрэгтэй.
Бөөрний эмгэгтэй, эмгэгийн удамшилтай эсвэл сэжигтэй хүн бүр 6 сард нэг удаа шинжилгээ өгч, эмчид үзүүлж байх, бөөрний өвчнөөр өвддөг хүн бүр 3 сард нэг удаа шээсний шинжилгээ өгч, 6 сард 1 удаа ЭХО-д харуулж байх нь зүйтэй.  Өвдөөд эмчлүүлсэн хүн эмчилгээний дараа үр дүнг тооцох, хянах зорилгоор сард 1 удаа шээсний шинжилгээ өгч, 3 сард нэг удаа ЭХО-д харуулах ёстой. Энэ бүхэн ямар учиртай вэ гэвэл ингэж тодорхой хугацаанд давтамжтай эмчид хандаж, шинжилгээ өгснөөр бөөрний эмгэгийн илрэл, сэдрэлийг олж барьж авах, бөөрний өвчний үе шатыг ямар явцтай, тавилантай байгааг тодруулах, тэгсэнээр бодитой үнэлэлт, дүгнэлт өгч, эмгэгийг эрт илрүүлж тохирсон зөв эмчилгээг хийх боломж бүрдэнэ.
Хэдэн жилд ганц удаа шинжилгээ өгч, арван жилд нэг удаа ЭХО-д харуулаад, хааяа бөөр өвдөөд байдаг, зав гардаггүй болохоор үзүүлээгүй гээд эсвэл хүүхдийн бөөр өвдсөн, гайгүй болчихоор нь мартсан гэж ярих хүн байдаг. Хурдтай хөгжиж байгаа, ажил ихтэй, олон асуудалд санаа тавих шаардлагатай болсон цаг үед эрүүл мэнддээ анхаарал тавих нь илүүц мэт санагдаж байж болох ч эрүүл мэндээ алдсанаар зүтгэж байж бий болгосон бусад олон зүйлээ бүгдийг нэг дор алдах том эрсдэлтэй юм. Ер нь өвдөхгүй, зовиурлахгүй байгаа бол эмчид үзүүлэх шаардлагагүй гэж ойлгодог ойлголт нь өвчнийг хүндэртэл нь явуулж таныг хамгийн ихээр хохироож байгаа бөгөөд өвдөөд, зовиурлаад эхлэнэ гэдэг чинь өвчин нэгэнт үүссээд өөрчлөлт явагдаад эхэлсэн гэсэн үг тул үүнийг хүлээж, эрүүл мэндээ гаргуунд нь хаяж явах нь буруу юм. Бөөр хялгасан судсаар дүүрэн эрхтэн бөгөөд бөөрөнд үүсэх аливаа эмгэгийн үед энэ утас шиг нарийн судсууд нь гэмтээд байхаар эргэж сэргэх боломжгүй сорвижсон өөрчлөлт үлдэж, эмчлэхэд түвэгтэй болж ирдэг. Иймээс өвдөөд биш өвдөхөөсөө өмнө эрүүл мэнддээ цаг гаргаж сурах, залуу үе, үр хүүхэддээ ийм зөв сонголт, хэвшлийг сургаж үлдээх нь маш чухал юм. Дээр нь амьдралын зөв дадал хэвшил буюу архи, тамхи хэрэглэхгүй, эрүүл хооллолттой, хөдөлгөөний идэвхтэй байх, өдөрт хүүхдэд 1-1,5 л,  өсвөр насныхан 1,5-2,5 л, том хүн 2,5-4 л шингэн ууж хэвших, халдварт өвчин, нянгаар өвчилсөн өвчнүүдээ бүрэн гүйцэд эмчлүүлэх, дулаан хувцаслаж доороосоо даарахгүй байх, хүнд юм өргөж бэртэж гэмтэхээс болгоомжилж явах нь мэдээж чухал.

Тураах эм, бэлдмэл нь бөөрөнд хортой.

Бөөрний эмгэгийн үед хаванших шинж түгээмэл байдаг учраас зарим нэг бөөрний архаг үрэвсэлтэй хүний таргалалтын тодорхой хувь нь далд хаван буюу завсрын эдийн хаван байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
Мэдэхэд илүүдэхгүй
Мэдэхэд илүүдэхгүй
Сонин хачин

Сэтгэгдлийг ачааллаж байна ...